Monday, August 16, 2010

Хайрын тухай ойлголт (3-р хэсэг)

За нөгөө сүрхий нэртэй сүржин гаргалгаатай сэдвийнхээ 3-р хэсгийг үргэлжлүүлж байнаа. Гэхдээ уншигч ноёд авхай та бүхэн энд бичиж байгаа бүхэн зөвхөн би хэмээгч хүний ойлгодог боддог сэтгэдэг итгэдэг зүйлээ бичиж байгаа гэдгийг анхаарч үзээрэй. Энэ дундаас хүмүүн та хэрэгтэй зүйлээ аваад хэрэггүй зүйлээ гээх нь эрхийн тань асуудал бөлгөө.
Өнөөдрийн миний та бүгдийн мэлмийд хүргэх хэсэг бол Тэнгэрлэг Хайр. Энэ хэсэг илүү өргөн хүрээг хамрах болохоор цуврал хэсгүүдэд хуваалаа.



Тэнгэрлэг хайр гэж яагаад чухам сүржин нэр өгчихвөө? Аргагүй шүү дээ энд бид мэдээж ганц амьд галбодийг хайрлах тухай биш бас хоёр бие хүнийг хайрлах тухай биш харин түүнээс илүү өргөн цар хүрээтэй тэр дотроо хэдэн үе шатлал бүхий хүмүүн бидний амьдралд өргөн цар хүрээг хамардаг юм шиг хирнээ үгүй ч юм шиг тийм л хайрын талаар дурдах гэж байна. 

Энэ хайрыг илүү ойлгомжтой болгох үүднээс хэдүүлээ гэр бүлээсээ эхлэе. Аав ээж 2 чинь бие биендээ хайртай. Тэр 2 бас чамд чиний ах эгч дүү нарт чинь хайртай. Тэр 2 зөвхөн бие биенээ хайрлаагүй. Тэд чиний төлөө чиний өмнөөс бас ах эгч дүүгийн чинь өмнөөс галруу үсрэхэд бэлэн байдаг. Тэд бол агуу хүмүүс, тэд өөрсдийгөө биш өөрөөсөө гадна хэн нэгнийг биш бүр хэд хэдэн хүмүүсийг галбодиудыг хайрласан буянтай хүмүүс. Тэд чамайг бас ах эгч дүүг чинь хайрладаггүйсэн бол юу болсон гэж дэлгүүрт улаан нүүрийг нь улалзуулан хэнэгч үгүй тоглоом авья чихэр идье гэж орилох үрдээ талхны хэдэн төгрөгнөөс өөр юмгүй атлаа  харамлах сэтгэлгүйгээр хүссэн зүйлийг нь авж өгөх вэ дээ. Хэрвээ та нэгийг бодож 2-ыг тунгаадаг бол аав ээж хэмээх амьд бурхадынхаа үйлдэл бүрээс тэдний чамайг гэсэн хайрыг анзаарах болно. Хамгийн сүүлд тэд танд юу хийснийг бодоод үз харин та тэдэнд зориулж юу хийв? Та тэдэндээ одоо хайртай гэж ам бардам хэлэхээс ичиж байгаа биздээ. Таны хэлдэг хийдэг 2 чинь зөрдөг гэхэд би итгэлтэй байна. Сэтгэлээсээ нэг хөлсөө дуслуулаад цай чанаж өгсөн билүү гээд нэг бодоод үз. Миний яриаг ойлгохгүй бол уучлаарай, харамсалтай нь та урьдах 2 бүлэгт хамаарах жижигхэн хайрыг тээж буй хүн байна.

Үр хүүхэддээ энэрэлгүй мөс шиг сэтгэлтэй эцэг эх байхгүй гэж би хэлэхгүй. Тийм хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй. Тэд бол зөвхөн өөрсдийгөө л хайрлах чадвартай жижигхэн бөгөөд ахархан хайрыг тээгч хүмүүс. Хайрыг тээгч хүмүүс шүү Түгээгч биш. Хайрыг түгээтлээ тэд эхлээд ядаж дунд ангид орох хэрэгтэй байна.

Бид ялангуяа амьдрал үзээгүй залуучууд бид хайр гээд үе тэнгийнхээ залуучууд охидоос хайдаг. Гэтэл хайр гэдэг зүйл чинь яг чиний дэргэд хажууд чинь байдаг юм шүү дээ. Та нарын олонхи нь аав ээжээ хайрлах хайр хосуудын хайр ондоо гэж маргах хүн цөөнгүй гэдгийг би сайн гадарлаж байна. Өөрдөө юу гэж? надад хариулж чадах уу. Өөр гэдэг нь үхэн хатан утасныхаа нэгжийг үрээж байж мсж бичдэг болохоороо эсвэл хэдэн төгрөг олохоороо кино үзье гадуур хамт зугаалъя гэж болздогоороо гэжүү? Үгүйдээ энэ бол зүгээр нэг түр зуурын солиорол. Тэгвэл та үргэлж чамд өгж байдаг аав ээждээ мөнгөө цуглуулж байгаад ядаж нэг удаа 2 хос үзвэрийн билет аваад хамтад нь нэг үзвэр үзүүлж байсан уу? Олонхи нь үгүй гэдэг хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна. Больё, чи зүгээр л нэг хөлсөө дуслуулаад сайхан цай ганц удаа ч гэсэн чанаад өгчих.
Би энд өөр хэн нэг эсрэг хүйстэн үе тэнгийнхнээ хайрлах нь буруу гээгүй шүү. Гагцхүү хайр гэдэг зүйл ялгаварлаж хандах нь утгагүй бөгөөд энэ нь би аавд нэг зүсэм бялуу ээжид 2 зүсэм бялуу найз залуу эсвэл бүсгүйдээ 1 эсвэл 3 зүсэм бялуу өгнө гэж байгаатай л ижил утгатай. Хайрыг бид эрэмбэлээд яах юм бэ? Ойр дотны хайртай гэж бодож байгаа хүмүүсээ бүгдийг нь л тэнцүү хайрлалдаа. Тэглээ гээд чамаас юу ч унахгүй харин ч асуудлууд хөнгөрөөд явахыг чи нүдээрээ үзэх болно.
Таны сэтгэл хөдлөж чадаж байгаа бол одоо босоод хайртай бүх хүндээ тэнгэрлэг хайрын нэгээхэн хэсгийг түгээ тэднийхээ нүүрэнд нь инээмсэглэл бэлэглэ. Амьдралыг бүгдээрээ илүү өнгөлөг гэрэл гэгээтэй болгоё.

Үргэлжлэл бий....

1 comment:

  1. санаандгүй хайрын талаар бичсэн бодролыг чинь уншчлаа. надад бол үнэн санагдлаа. нээрээ ч хайранд эрэмбэ зэргээр хандах нь сонин дээрээ соохолзоно, сонирхлоо буурахаар гоохолзоно гэдэгтээ утга нэг санагддаг. эцэг эхээ хайрлаагүй байж хосын хайранд тэнгэрлэгээр хандана гэж байхгүй. гээд бичвэл их юм байна. ер нь блогийн чинь өнгө аяс таалагдлаа. тэр хүн төрөлхтний 10 фактаас бусад нь ккк усны талаар бас сонгодог хөгжмийн талаар бичсэн чинь таалагдав.

    ReplyDelete